Бага цагаар “хөдөлмөрлөдөг” 10 орон
2012 / 11 / 05

Хэл шинжлэлийн түүхэн дэх алдартай “зохиомол хэл”

“Сүнсний баяр”-ын тухай сонирхолтой баримтууд
Хүн төрөлхтний харилцааг илэрхийлэх тулгуур судлагдахуун болсон “хэл” хэмээх шинжлэх ухааны өргөн цар хүрээт ойлголт нь эх дэлхийн үүсэл гаралтай эн зэрэгцэхүйц он удаан жилийн түүхтэй билээ. Өнөөдөр дэлхий дээр нийт хэдэн хэл байгааг хараахан хэмжээлж боломгүй ч эрдэмтдийн таамаглаж байгаагаар 6000 - 7000 хэл байх ажээ. Эдгээрээс энэ өдөр хүн төрөлхтний оюун бодлоос урган гарсан “зохиомол” гэгдэх алдартай хэлнүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

1. Квеньяа - Элфүүдийн хэл / The Quenya - Elvish Languages

Дэлгэцийн бүтээл болж дэлхий дахиныг байлдан дагуулсан “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг уран зөгнөлт олон гайхалтай бүтээлээрээ алдартай Английн нэрт зохиолч Жон Роналд Риүвель Талкин (1892 - 1973) нь Элфүүдийн гэх тодотголтой 20 гаруй хэлийг зохиосон бөгөөд энэ тухай түүний хүү Кристофер Талкины 1977 онд гаргасан “The Silmarillion” номд томруун тусгасан байдаг ажээ.


Талкины зохиосон уран зөгнөлт эдгээр хэлнүүдээс “Квеньяа” хэлийг дэлхий дахин түгээмэл гадарлах агаад 1910 - 1973 онд зохиогдсон гэж үздэг эл хэл нь түүний хамгийн гайхалтай хэл хэмээн үздэг Латин, Грек, Финлянд хэлнээс эхтэй ажээ.  

2. И - Прайм / E - Prime

Англи хэлний нэг төрөл болох эл хэл нь Англи хэлний “to be” буюу бол, байх, орших гэсэн үгийн үүрэг, утгыг бүрэн халж, аливаа илэрхийлэх гэсэн утга санааг товч бөгөөд тодорхой, бусдад ойлгомжтой  болгоход чиглэжээ. Тухайлбал, “This is an awful movie.”өгүүлбэрийн утгыг товчилж И - Прайм хэлэнд “I dislike this movie.” гэх жишээтэй. Энэ тохиолдолд, “Энэ ёстой онцгүй кино байна” гэсэн санааг “Энэ кино надад таалагдсангүй” гэж утга төгөлдөржүүлсэн хэлбэр болгожээ.


1900-гаад оны тухайн үед түгээмэл хэрэглэгддэг байсан тус хэлний үнэ цэнэ одоо ч өндөр хэвээр байгаа юм. Зурагт: И Прайм хэлийг судлах ажилд хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, хэл шинжээч Альфред Корзибский (1879 - 1950)

3. Клингон / Klingon

2260 онд өрнөх огторгуйн олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн “Star Trek” цувралын 1967 онд гарч байсан ангиас эхлэн тус цувралын дайчин дүрийн баатар болсон уран зөгнөлт “Клингон”-чуудын хэлэлцдэг “Клингон” хэл нь Америкийн хэл шинжээч Марк Өүкрэндийн зохиосон хамгийн алдартай зохиомол хэл бөгөөд өнөөдөр дэлхий дээр эл “сонин” хэлээр 20 - 30 хүн чөлөөтэй ярилцдаг гэсэн статистик байдаг ажээ.

4. Энокиан / Enochian

XVI зууны үед Английн математикч, одон орон судлаач, Элизабет I хатан хааны зөвлөх байсан Жон Дий (1527 - 1608 / 1609) болон түүний мэргэжил нэгт хамтрагч Эдвард Келли (1555 - 1597) нарын цуврал ном бүтээлүүдэд анхлан дурьдагдаж дэлхий нийтэд түгсэн хэл гэж үздэг “Энокиан” хэлийг “Бурхны хэл” байсан хэмээдэг ба “Бурхан” дэлхий ертөнцийг бүтээхдээ энэ хэлээр ярьдаг байсан нь хожим Ариун Библийн “Хуучин гэрээ”-ний хэсэгт тусгалаа олсон байдаг гэжээ.


Ер бусын гэмээр нууцлаг энэхүү хэлийг судалсан түүх ховор боловч хэл шинжээчдийн нэрлэдгээр эл хэлийг “Бурхан” Жон болон Эдвард нарт сахиусан тэнгэрүүдээрээ дамжуулан заасан гэлцэж “Ариун хэл”, “Сахиусан тэнгэрүүдийн хэл” гэхчилэн нэрлэдэг байна.

5. Эсперанто / Esperanto

Албан ёсоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдогч буюу туслах хэл гэгддэг “Эсперанто” хэл нь дэлхийд хамгийн олон хүн хэлэлцдэг “зохиомол” хэлний нэг бөгөөд Льюдвиг Лазарус Заминьхоф (1859 - 1917) хэмээх Еврей эмч, хэл шинжээч 1870 - 1880-аад онд зохиосон хэл юм байна.


Тэрээр хэл заншил, үндэс угсаа ондоо дэлхийн олон үндэстэн ястнуудад зориулж тухайн хэлийг нь мэдэхгүй ч харилцан дөт ойлголцох хялбар хэлийг ийнхүү зохиохыг зорьсон нь амжилттай болж өдгөө эл хэлээр 10.000 - 2.000.000 хүн ярьдаг бөгөөд хамгийн түгээмэл хэрэглээ нь Европ, Зүүн Ази, Өмнөд Америкт байх аж. “Эсперанто” хэлийг сурахад хялбараас гадна онлайн тольд бичсэнчлэн зарим нэг хэрэгтэй хэллэгүүдээс түүвэрлэвэл:

  • Сайн байна уу? / Сайн уу? - Салутон
  • Өглөөний мэнд - Бонан матенон
  • Оройн мэнд - Бонан вэсперон
  • Сайхан амраарай - Бонан ноктон
  • Баяртай - Жис ревидо
  • Чиний нэрийг хэн гэдэг вэ? / Чамайг хэн гэдэг вэ? - Кио эстас виа номо?
  • Намайг …гэдэг - Миа номо эстас ...
  • Баярлалаа - Данкон
  • Би чамд хайртай - Ми амас вин

6. Сольресоль / Solresol

Хөгжмийн долоон өнгийг хүн төрөлхтний нийтээр хэлэлцэхэд хялбар “хэл” болгон хувиргасан эл нээлтийг Францын зохиолч, хөгжимчин Жинь Франсуа Сидре (1787 - 1862) 1827 оны эхээр бүтээсэн байна. Үгийн сан нь нэгээс таван үе болон нотоос бүрддэг эл хэлийг “дуулдаг” хэл ч гэж нэрлэх нь бий бөгөөд өнгө өнгөөр тэмдэглэж болдог хөгжимлөг хэл юм байна. “Соль” эхлэлтэй үгс нь гол төлөв урлаг, шинжлэх ухааны холбогдолтой үгс байх бол “Сольсоль” эхлэлтэй үгс нь анагаах ухааны чиглэлийнх байх жишээтэй ажээ.   

7. Лингуа Игнота / Lingua Ignota

Үл мэдэгдэх хэл хэмээн Латин хэлнээс хөрвүүлэгдэх XII зууны үеийн хэлийг Бингений Гэгээн Хилдегард гэх гэлэнмаа зохиосон бөгөөд хүн төрөлхтний зохиосон хамгийн анхны “зохиомол хэл” гэгддэг ажээ. Чухам ямар зорилгоор зохиосон нь тодорхойгүй ба “нууц хэл” ч гэж үздэг энэ хэл нь гол төлөв шашин, анагаах ухааны сэдэв бүхий 1000 гаруй үгийн сантай гэнэ.

8. Токи Пона / Toki Pona

Хүн төрөлхтний хэлэлцэх хэлийг маш энгийн болгож хялбаршуулж дүрсжүүлсэн “Токи Пона” гэх хэл нь 2001 онд онлайнаар хэрэглэгдэж байжээ. Эл хэлийг Канадын хэлмэрч, хэл шинжээч Соньяа Элен Киса зохиомжлон гаргасан бөгөөд 123 үгийн сантай гэнэ. Эдгээр 123 үгийн сан нь харилцан нэгдэж нэмэлт утга санааг илэрхийлдэг байна. Эл хэлэнд 9 гийгүүлэгч, 5 эгшиг үсэг байх ба үгийн хамгийн эхний үе нь өргөлттэйгөөр хэлэгддэг ажээ.


“Токи Пона” хэлэнд, “Happy = Feel Good” (Баяр хөөртэй байх = Сайн сайхныг мэдрэх) , “Alcohol = Crazy Water” (Архи, согтууруулах ундаа = Галзуу ус), “Geology = Earth Knowledge”(Геологи = Эх дэлхийн мэдлэг) гэдэг байна. Ингээд хэл шинжлэлийн талаарх танин мэдэхүйн багц мэдээллээ үргэлжлүүлэн зохиомол гэх тодотголгоор бус “уран зөгнөл”-ийн гэж алдаршсан хоёр хэлний тухай хүргэж байна.

9. Мангани / Mangani

Америкийн зохиолч Эдгар Райс Бурроугийн “Тарзан” зохиолын гол дүр болох хүн дүрст мичний хэлэлцдэг “Мангани” нь хэл шинжлэлээс гадна хүн дүрст мичнүүдийг нэрлэсэн үг бөгөөд зохиолын үйл явдал өрнөдөг Африк нутгуудын үндэстэн ястнуудын хэлтэй ойролцоо ажээ.

10. Могойн хэл / Parseltongue

Жирийн хүний тэр бүр ухаж ойлгоход бэрх “Parseltongue” буюу Могойн хэл нь Их Британий зохиолч Жэй. Кэй. Рөүлингийн бүтээл “Харри Поттер”-ийн цувралуудад гардаг өвөрмөц нэгэн “зохиомол хэл” бөгөөд эл хэлээр ойлгож, хэлэлцдэг хүмүүсийг “Paselmouth”-чуудгэдэг байна. Пэйзельмаутчуудын хувьд төрөлхөөс заяасан хосгүй хэл болох эл хэлийг мэдэхгүй хүмүүсийн хувьд ердөө л исгэрэх мэт чимээ л сонстдог гэнэ.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
Facebook
Төстэй мэдээ
Санамсаргүй сонгогдсон
Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл "LIKE" дараарай.


Баярлалаа!
LIKE" өгснөөр бидний нийтлэлийг цаг тухайд нь авах боломжтой. Баярлалаа!